Ихэвчлэн бага насны ханан дээр сараачиж зурах дуртай байдаг. Учир нь орон зайд баригдахгүй өөрийн хүслээр хязгааргүй том талбайд зурах нь нэн таатай. Мөн бага насны хүүхдийн гарын жижиг булчингийн хөгжил гүйцэт хөгжөөгүй байдаг учир мөр, тохой,гараа далайцтайгаар хөдөлгөж зурах зайлшгүй шаардлагатай байдаг.
Мэдээж хэн хана, обойн дээрээ зуруулахыг хүсэх вэ? дээ.
- Хүүхэддээ тодорхой талбай гаргаж, дүрэм тайлбарлаж өгөх хэрэгтэй болно.
- Эсвэл том дэлгэмэл цаас, самбар өгөөрэй.
- Нэгэнт зураад эхлэсэн бол та хориглоод нэмэргүй л гэсэн үг
- Нэг хэсэгтэй л урлагын бүтээл туурвилыг нь хараад биширээд суухаас аргагүй.
- тэднийг урамшуулан дэмжих хэрэгтэй.
- Хүүхдийн зураг зурах үйл явцыг гурван үе шатад хувааж болно
Сараачих (2-3 нас)
Энэ насандаа хүүхдүүд зурах биш ихэнхдээ цаасан дээр сараачиж байдаг. Гэхдээ зурагт зүгээр нэг сараачсан эрээн мяраан зүйл байна гэж анзааралгүй орхиж болохгүй. Заримдаа зургийг сайн ажиглавал олзуурхууштай зүйлс ажиглагддаг. Жишээ нь, хүүхэд машин эсвэл байшинтай төстэй дүрс гаргасан байдаг.
Хүүхэд хамгийн эхлээд эмх замбараагүй муруй шугамыг сараачдаг. Хүүхэд хэрэв хоёр нас хүрээгүй бол тэдэнд анх харандаа бариулахад харандаа нь гараас нь хальтран унана. Тэрээр гарынхаа хөдөлгөөнийг удирдан залж харандаагаар зурах чадвар сул байдаг. Хоёр насны орчимд хүүхдийн жижиг булчингуудын хөгжлийн үр дүнд харандаагаа эзэмшиж сурдаг. 2.5-3 насны үед хүүхдийн зурагт нь дугуй дүрс бүхий хэлбэртэй зүйлс ажиглагддаг. Энэ дүрс нь тасралтгүй үргэлжилсэн дүрснээс дугуйран гарсан ээдрээтэй хэлбэртэй байна. Удалгүй хүүхэд тусгай дугуйнуудыг зурж эхэлнэ. Энэ нь хүүхэд зураг зурах том амжилтад хүрч байгаа хэрэг юм. Зарим судлаачид хүүхдийн дугуй дүрс зурж эхэлдэгийг мэдрэлийнх нь системтэй холбон тайлбарлаж байхад зарим нь хүүхэд анх хүртэн мэдэрсэн зүйл, өөрөөр хэлбэл эхийнхээ хөхийг илэрхийлэн зурж байна гэж үздэг. Ер нь дугуй дүрс гэдэг бол хамгийн энгийн, байгальд хамгийн элбэг байдаг дүрс бөгөөд хүүхэд дугуй дүрсийг бүхий л зүйлийг дүрслэхдээ ашигладаг байна. Үүнд толгой, нүд, ам, их бие, чих, тэр ч бүү хэл үсийг ч зурахдаа зарим хүүхдүүд ашигладаг байна. Гэхдээ хайш яйш зурсан бүхэн нь хүүхдийн хувьд томчууд бидэнд өөрийгөө илэрхийлж буй захиа гэж ойлгож болно.
Гурван насанд хэмнэлтэй зураас татан, үргэлжилсэн дугуй зурдаг. Дараа нь хүний дүрс, толгой, гар хөл, ам нүд гэхчлэн хүний биеийн хэсэг, гэр, байшин, үүл, цэцэг, амьтан, нохой зэрэг өөрийн хамгийн ойр, сай мэдэх зүйлээ төсөөлүүлдэг.
Сэдэвчлэн зурах үе (3-5 нас)
3-4 насандаа хүүхдүүд өөрийн нүдээр харсан зүйлсийг сэдэвчлэн буулгаж эхэлдэг. Тэд мод, машин, орон сууц, цэцэг, хүн зэргээр бага багаар өөрийн харсан зүйлсийг дүрсээр буулгаж эхэлдэг байна. Гэхдээ хүүхэд аажим аажмаар байшингийн урд цэцэг зурах, хувцсан дээрээ цэцгэн чимэглэл тавих зэргээр зурган дээрээ тодорхой зүйлсийг нэмж эхэлдэг. Тэдний зураг нь утга агуулга, өргөн сэдэвтэй болж ирдэг.
Дүрслэн зохиомжлох зурах үе (5+ нас)
Энэ үед хүүхэд аливааг системтэй зурж эхэлдэг. Өөрөөр хэлбэл аливааг дүрслэн зохиомжлон зурж эхэлдэг байна. Тухайлбал, далай зурахдаа далайн од, бөмбөг, усны хувцастай хүмүүс зэргээр аливааг бүтэцтэй зурж эхэлнэ. Заримдаа аливаа нэг тэмдэг болон үсгээр зурж буй зургаа орлуулах, зурснаа тайлбарладаг. Жишээ нь, “V” үсгийг ашиглан шувуу, өвс зэргийг зурах, зайрмагны мухлаг зурахдаа дээр нь зайрмаг зурах зэргээр зурснаа тайлбарлаж, дүрсэлж байдаг.